Галуут сумын түүх

Түүх

Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу

1691 онд Манжийн хааны зарлигаар Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы баруун гарын адгийн хошуу нэртэйгээр анх үүсгэн байгуулагджээ. Анхны Засаг ноён нь тэргүүн зэргийн тайж Туба байв. Тэрбээр Түмэнхэн Сайн ноёны удмын хүн юм. Түмэнхэн Сайн ноёны ахмад хөвгүүн Зодов сэцэн ноён, түүний хүү Чиман, Чимангийн хүү Бундар тайж бөгөөд Бундар тайжийн хөвгүүн нь Туба ажээ.

Засаг ноёдын үе залгамжлал

Туба

Засаг, тэргүүн зэргийн тайж

1691-1697

Сэд

Засаг, тэргүүн зэргийн тайж

1697-1719

Цэвээн

Засаг, улсад туслагч гүн

1719-1757

Даш

Засаг, улсын түшээ гүн

1757-1780

Ламжав

Засаг, улсад туслагч гүн

1780-1789

Цэвдэндорж

Засаг, улсад туслагч гүн

1789-1815

Далхжав  

Засаг, улсад туслагч гүн

1815-1831

Лхаваандорж

Засаг, улсад туслагч гүн

1831-1874

Дашдорж  

Засаг, улсад туслагч гүн

1874-1917

Гомбосүрэн

Засаг, улсад туслагч гүн

1917-1923

Манжийн Найралт төв хааны зарлигаар түүний гуравдугаар он буюу 1725 онд Түмэнхэн ноёны хүртсэн “Сайн ноён” цолыг Хошой чин ван Дашдэндэвт хүртээж, Сайн ноён хан аймгийг анх байгуулахдаа Түшээт хан аймгаас таслан өгсөн 22 хошууны нэг нь Цогтой гүний хошуу бөгөөд энэ үеэс Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу хэмээн нэрлэгдэх болжээ.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Дашдоржид үе улиран Цогтой засаг цол олгож, Сайн ноён хан аймгийн Цогтой засгийн хошуу хэмээн нэрийдэх болов. 1923 онд батлагдсан "Нутгийн захиргааны дүрэм"-д заасан засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Баянхонгор хайрхан уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлэж, Бөмбөгөр, Зүрххайрхан, Дэл хайрхан, Хуримт нуур, Цагаан гол, Цагаан хайрхан, Цогт хайрхан, Мандал, Цэцэрлэг гол, Баяннуур, Эрдэнэтээл зэрэг 12 сумтай болгожээ. Дүрэм ёсоор 10 өрхийг нэг арван, 150 өрхийг нэг сум болгосон байна.

Чин сүжигт номун хан шавийн хошуу

Цогтой гүний хошууны нутаг дэвсгэр нэлээн том хэмжээтэй байсан бөгөөд хошууны нутгаас 1751 онд Чин Сүжигт Норовшарав (Лувсанноровшийрав) Ордосын газар Хатаны голд олон жил тахигдан суугаад, Амарсанаагийн нутагт очиж ном уншиж олныг тохинуултугай хэмээн Манжийн хаан зарлиг болгосон ёсоор ирэхэд тэр үеийн Цогтой гүний хошууны засаг ноён Сэдийн Цэвээн хошуу нутгаасаа хойшоо харсан таван амыг таслан өгснөөр Чин Сүжигт номун хан хэмээх Богдын шавь хошуу үүссэн гэдэг.

Манжийн ноёрхлын үед (1691-1911 онд) Сайн ноён хан аймгийн Чин сүжигт номун ханы шавь, Богд хаант Монгол Улсын үед Сайн ноён хан аймгийн Чин сүжигт номун хан хутагтын шавь, Ардын засгийн анхны жилүүдэд Чин сүжигт номун хан хутагтын шавь гэж байжээ. 1925 онд Чин сүжигт Номун ханы шавийг Мандал, Баяннуур 2 сум болгон Баянхонгор хайрхан уулын хошуунд харьяалуулсан.

Баянхонгор сум, Галуут сум

1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хошуудыг татан буулгаж, 13 аймгийг шинээр байгуулж, аймаг, сумдыг шинэчлэн зохион байгуулахад 1931-1934 онд Өвөрхангай аймгийн Баянхонгор сум, 1934-1941 онд Архангай аймгийн Баянхонгор сум болж, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12-р сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор Баянхонгор аймгийг (Анх Говь-Бөмбөгөр нэрээр) шинээр байгуулахад нэгэн сум нь болж, 1955 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянхонгор сумаас 6 баг, Бөмбөгөр сумаас 2 баг таслан авч Галуут нэртэй шинэ сумыг “Өвөр Галуут”-д байгуулсан байна.

1957 онд Баянхонгор сумыг татан буулгаж, хангайн чиглэлийн багуудыг Мандал суманд, бусад багийг Галуут суманд шилжүүлж, Галуут сумын төвийг Өвөр Галуутаас Баянхонгор сумын төвд /Баянхонгор хайрхан уулын өвөрт/ шилжүүлсэн байдаг. Галуут сумын анхны даргаар Зэвэгийн Намжин ажиллаж байжээ.

1952-1957 онуудад Галуут, Мандал суманд ардын үйлдвэрлэлийн нэгдлүүд байгуулагдаж "Туяа", "Хөдөлмөр", "Ялалт", "Баянтал", "Галуут" зэрэг нэртэйгээр ажиллаж байлаа.

Эдгээр нэгдлүүд Галуут сумын түүхэн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. 1958 оны 6-р сард Мандал сумын "Хөдөлмөр", "Баянтал" нэгдлийн бүх гишүүдийн хурлаас хоёр нэгдлийг нэгтгэн "Хөдөлмөр" нэгдэл гэж нэрийдэхээр тогтож нэгдлийн даргаар Г.Агвааныг сонгож байжээ. 1959 оны намар Галуут сумын "Туяа", "Ялалт" нэгдлийн гишүүдийн хурлаас хоёр нэгдлийг нэгтгэн "Туяа" нэгдэл гэж нэрлэж, даргаар нь Д.Магванжавыг сонгожээ. Ийнхүү Галуут суманд хувийн өмчит ардын аж ахуйтныг нэгдэлжүүлэх зорилт 1959 оны дундуур үндсэндээ шийдэгдсэн байна.

1959 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар багуудыг татан буулгаж оронд нь мал аж ахуйн бригадыг зохион байгуулж ажиллуулсан байна. 1962 оны 6-р сард Мандал сум татан буугдаж Галуут сумтай нэгдсэн тул "Хөдөлмөр", "Туяа" нэгдлүүд ч нийлж, “Коммунизмын төлөө” нэртэй нэгдэл болсон байна. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нэгдлийн даргын албыг давхар гүйцэтгэж байсан тул сумын орлогч даргаар Ц.Мягмар, нэгдлийн орлогч даргаар З.Намжин, захиргааны нарийн бичгийн даргаар Лхагвасүрэн нар ажиллаж байв.

Үүнээс хойш Галуут сум социалист бүтээн байгуулалт, ардчилсан засаглалын он жилүүдийг туулж, шинэ түүхээ зуунаар өртөөлөн бичээд байна. Эдүгээ тус сум нь Хайрхан, Сүмбэр, Үнэгт, Баяннуур, Мандал, Баянхошуу гэсэн зургаан багтай, 2022 оны эцсийн байдлаар 4200 гаруй хүн ам, 267.1 мянган малтай, хүн амын тоогоор аймагтаа 2-т, малын тоогоор мөн 2-р байранд орж байна.

Арван хоёр жилийн ахлах сургууль, Эрүүл мэндийн төв, Мал эмнэлгийн тасаг, харилцаа холбоо, цаг уурын станц, хүүхдийн цэцэрлэг, Номын сан, Соёлын төв, банкны салбарууд, бусад үйлчилгээний газруудтай.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Галуут сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулсан билээ.

Газар зүй

Галуут сум нь хойт талаараа Архангай аймгийн Чулуут, Ихтамир сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг.

Хангайн нурууны салбар уулс, хөндий хоолой дэл сэрвэн хосолсон 504,7 мянган га эдэлбэр нутагтай.

Хамгийн өндөр газар нь далайн түвшнээс дээш 3539 м өргөгдсөн Гурван Анагийн нуруу, хамгийн доор газар нь 2117 м өндөрт байрлах Баянхонгор хайрхан уулын өвөр юм. Сумын төв нь Баянхонгор хайрхан уулын өвөрт Харганын голын хойд хөндийд байрлана. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайтай ажээ.

Тус сумын нутаг тахилга, шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг. Баянхонгор хайрхных цагаан бор морь унасан эмэгтэй хүн, Бүрэн хайрхны эзэн нь хөх бүх унасан өвгөн хүн байдаг гэж домогт өгүүлдэг. Баянхонгор хайрхныг 3 хоног наадам хийж тахидаг байжээ. XVII зууны үед Цогтой гүний хүрээний Данзанчоймзад номч мэргэн хамба ламын хүсэлтээр Сайд вангийн хошууны Жамьянгарав гэгч хүн Баянхонгор хайрхан уул нь баруун гартаа барагдашгүй ариун цагаан идээний дээжийг баруун мөрөн дээрээ агаарт өргөн дэвшүүлсэн, зүүн гартаа үхэшгүй мөнхийн рашааныг зүрхнийхээ тольтод хадгалан барьсан, Энхтайваны цагаан зааныг унаа болгон хөлөглөсөн, Эх хүний дүр лагшинтай хэмээн дүрслэн зуржээ.

Мөн Цагаан овоо, Дааган дэл, Өлзийт, Уушгийн хад, Хуримт нуур, Балгант хайрхан, Доромт зэрэг уулсыг тахидаг байжээ.

Галуутын хавцал, Холбоо нуур, Үхэгийн рашаан, Тээлийн рашаан, Нарийн цохиотын рашаан, Өргөөтийн харз, Эрдэнэ тээл, Жаргалантын гол, Цагаан туруутын гол, Ёлын гол, Хуримт нуур, Бөөрөг нуур, Цэцгийн хонхор, Сойлонгийн хавцал, Хөх нуур зэрэг үзэсгэлэнт байгальтай.

Чин сүжигт номун ханы хийдийн сум дуган, Бурхант хясаа, Буянт голын хүн чулуу, Харганын агуй, Тээлийн хөндийн бичигт хад, Цохиотын булан дахь хүн чулуу, Тээлийн амны балгас, Өргөөтийн овооны буган чулуу, Бага цохиотын дөрвөлжин хиргэсүүр, Чингис хааны гүүн зэлний гадас, Сумын төв дэх хөшөө чулуунууд зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.

Амьтан ургамал

Эрдэс түүхий эдийн хувьд зэс, гялтагануур, чулуун нүүрс, алт зэрэг ашигт малтмалтайгаас гадна усан болор, утаат болор, оюу зэрэг эрдэнийн чулуун сайн чанарын наанги шавар, элс хайрга, шохой, шороон будаг, давс, хужир элбэгтэй. Улсын төв музейд хадгалагдаж буй Монголын хамгийн том буюу 1 м урт, 70 см өргөн, 35 см зузаан 152 кг жинтэй ногоон хаш чулуу 1957 онд тус сумын нутаг Сүмбэрийн голоос олдож байсан түүхтэй.

Хангайн нуруунаас эх авсан Цагаан туруут, Харгана, Сүмбэр, Өхэг, Эрдэнэ тээл, Жаргалантын голууд, Хуримт, Бөөрөг, Дуут, Баяннуур, Олгой нуур, Үүдийн нуур зэрэг том жижиг олон нуур бий. Агь, хялгана, ерхөг, ботиул зонхилон ургах бөгөөд вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, минжиннавга, хөх, шар дэгд зэрэг 30-аад төрлийн эмийн ургамалтай.

Аргаль, янгир, буга, согоо, бодон гахай, дорго, хүдэр, бор гөрөөс, хэрэм, ирвэс, шилүүс, үнэг, чоно, хярс, туулай, тарвага зэрэг ан амьтад элбэг байдаг.

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Энэ нутгийнхан хэзээнээс нааш эдүгээ хүртэл бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ. Адуу, үхэр, хонийг голчлон өсгөдөг. Адуу, үхрийн тоогоор аймагтаа тэргүүлдэг.

Сумын нутаг Чин сүжигт номун ханы хийд, Дархан гүний хийд, Дашдоо гүний хүрээ зэрэг байснаас 1932-1938 оны хэлмэгдүүлэлтийн үеэр Чин сүжигт номун хааны хийдээс бусдыг нь устжээ. Харин 1990 оноос сүсэгтэн олны зүтгэл, төрөөс авсан арга хэмжээний дүнд Чин сүжигт номун ханы хийдийг засварласан нь нутгийн олонд буянтай үйлс болсон.

Сумаас төрсөн алдартнууд

Тус сумаас олон алдартнууд төржээ. Тухайлбол, 1921 оны ардын хувьсгалын партизан С.Бямбаа, А.Пүрэвдагва, ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Чойжин, Б.Амаржаргал, М.Ойдов, Б.Гончигсүрэн, М.Наваан, Г.Агваан, С.Агваан, Д.Долгор, О.Цэдэв, О.Гэндэн, Б.Наваан, Б.Бүрдхүү, Д.Санж, Н.Пүрэвсүрэн, Д.Жаамаа, Л.Дамдиндоо, А.Дамчий, Д.Данзан, Б.Дулмаа, Б.Жамъян, Д.Жанцан, Ч.Лувсанцэрэн, С.Соном, Д.Чүлтэм, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Монгол Улсын Гадаад харилцааны сайд М.Дүгэрсүрэн, Б.Батцэцэг, аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар 40 гаруй жил ажилласан, төр нийгмийн зүтгэлтэн П.Чүлтэмсүрэн, Монгол Улсын 3 удаагийн аварга, “Осолгүй манлай тээвэрчин” Х.Баасанхүү, Улсын хошой аварга малчин С.Рэнцэндаваа, Улсын сайн малчин С.Гомбожав, Б.Мижиддоо, А.Өвгөн, Д.Лхагва, Ц.Гомбосүрэн, Б.Самбалхүндэв, Улсын аварга малчин Б.Цэдэнхорлоо, Ц.Даваасүрэн, Т.Баярсайхан, Ц.Батбаатар, Р.Лхагвасүрэн, Монгол Улсын аварга саальчин Ц.Лхагвасүрэн, Улсын залуу аварга малчин Ц.Пүрэвсүрэн, Монгол Улсын начин Г.Наваан, Монгол Улсын алдарт уяач Н.Ядам, С.Дашдамба, цанын спортын мастер А.Нямсүрэн, З.Очирваанчиг, Р.Батбаатар, шатрын спортын мастер Б.Сумъяа, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Цэдэндамба, техникийн ухааны доктор С.Дэлэг, М.Шараа, Л.Батаа, Г.Нарангэрэл, З.Төмөрбаатар, Ц.Чимэддулам, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Банзрагч, Б.Хишигсүх, Ш.Эгшиг, математикийн ухааны доктор, волейболын спортын мастер А.Батжаргал, хөдөө аж ахуйн ухааны доктор Г.Ганбат, газар зүйн ухааны доктор Г.Даш, анагаах ухааны доктор Х.Энхжаргал, биотехнологийн ухааны доктор Д.Энхмаа, боловсролын ухааны доктор С.Оюунбилэг, цэргийн ухааны доктор Ц.Гансүх, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан Ч.Сандаг, Д.Нанжид, М.Намжилмаа, С.Пунцаг, Ч.Пүрэвдагва, Ш.Баасансүрэн, Р.Лувсансумъяа, Ж.Дүгэрмаа, С.Гандэлгэр, Соёлын тэргүүний ажилтан Б.Намсрайжав, Р.Дулмаа, С.Сономдэндэв, С.Хандсүрэн, Ц.Лувсаншарав, С.Оюунтогтох, А.Сүлдбаатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Рэндоо, Д.Балжинням, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Ядамсүрэн, хөгжмийн зохиолч Г.Балжинням, Д.Сандагсүрэн, түүхч, зохиолч Д.Рэгсүрэн, зураач, барималч П.Цэрэндорж, Д.Эрдэнэбат, "Мөнхийн үсэг" компанийг үүсгэн байгуулагч, шилдэг бизнесмэн, нийгмийн зүтгэлтэн Г.Батмөнх, "уран" хэмээн алдаршсан Д.Сумъяа, зохиолч сэтгүүлч Б.Дарамжав, зохиолч яруу найрагч Д.Халзан нарыг дурьдаж болно.

ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ШАГНАЛ ХҮРТСЭН ХҮМҮҮС:

  • Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1992 онд)
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт (2006 онд), Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн (2013 онд), хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор
  • Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт (2003 онд)
  • Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, нэрт хэл шинжлэлч, эрдэмтэн
  • Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин (1989 онд)
  • Цамбажавын Шарав (1954) Монгол Улсын гавьяат малчин (1995 онд)
  • Данзангийн Баяраа (1949) Монгол Улсын гавьяат эмч (2005 онд)
  • Жамъянгийн Батбаяр (1947) Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч (2010 онд)
  • Шархүүгийн Чимгээ (1963) Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор (2010 онд)
  • Бүдхүүгийн Хуушаан (1947) Монгол Улсын гавьяат багш (2010 онд)
  • Дандардоржийн Өлзий (1935) Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч (2011 онд)
  • Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) - Монгол Улсын гавьяат холбоочин (2013 онд)
  • Чүлтэмийн Бизъяа (1938) Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач (2016 онд)
  • Чүлтэмийн Отгонбаяр (1955) Монгол Улсын гавьяат хуульч (2019 онд)
  • Анандын Рэгзэн (1955) Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан (2019 онд)
  • Чойжингийн Оюунчимэг (1959) Монгол Улсын Хүний гавьяат эмч (2020 онд)
  • Дүгэрсүрэнгийн Цэгмид (1946) Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан (2021 онд)
  • Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ (1959) Монгол Улсын гавьяат багш (2021 онд)
  • Гиваандондогийн Пүрэвсамбуу (1956) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч (2021 онд)
  • Пагвын Санаадагва (1955) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч (2021 онд)
  • Бэгзжавын Пүрэвсүрэн (1958) Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан (2021 онд)
  • Содномдаржаагийн Батбаатар (1961) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч (2022 онд)
  • Загарын Төмөрбаатар (1947) Монгол Улсын гавьяат уурхайчин (2022 онд)
  • Пунцагийн Дэчин (1926) Хошууч генерал (1972 онд)
  • Загдсүрэнгийн Болдбаатар (1959) Бригадын генерал (2009 онд)

 

2024-01-25 00:00:00