Засаг даргын мэндчилгээ

 

ГАЛУУТ СУМЫН ТҮМЭНДЭЭ
        Улсын Тэргүүний Галуут сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ач буянтай, алдар хүндтэй ахмадууд, төрөлх сайхан нутгийнхаа гэгээн ирээдүй болсон хойч үеийн эрхэм нандин хүүхдүүд, энэ цагийг эзэлсэн идэр, залуу үеийнхэн болон Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа уугуул, суугуул иргэдийнхээ амар мэндийг айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, төр, шашны түүхэн уламжлалтай төрөлх сум маань хөгжин дэвшиж, ард иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, дээдлэн дэвжиж байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
 Улсын тэргүүний Галуут сумын цахим хуудсанд зочилж орон нутгийн байгууллагуудын талаар болон төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авч байгаа эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Бүсийн хөгжил, бүтээн байгуулалт, сум орон нутгиийнхаа онцлогт түшиглэн байгалийн баялагаа зүй зохистой ашиглаж, орон нутгийн аялал жуулчлалыг улс, аймгийн аялал жуулчлалын сүлжээнд холбосон төлөвлөгөө боловсруулан хөгжүүлж гадаад дотоодын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах нь иргэдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байр гаргах, орон нутгийн төсвийн орлогыг өсгөх байгаль орчноо хайрлан хамгаалах гол эх үүсвэр болгох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Мөн дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт, ган зудын давтамж ойртож, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, хөрсний ус ховордож, цөлжилт, бэлчээрийн даац хэтэрч, уламжлалт мал аж ахуй эрхлэлтэд хүндрэл бэрхшээл тулгарах, орчин цагийн ололт бүхий дэвшилтэт технилогийг нэвтрүүлэх, иргэд, малчдын эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй, байгалийн бэрхшээлийг даван туулах чадвартай мал, эрчимжсэн аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх, атаршсан газар нутгийн үжил шим бүхий талбайг үр өгөөжтэй ашиглах, өрхийн тариаланг үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэн хөгжүүлэхээр зориг шулуудан ажиллах болно.
 Манай сумын хэмжээнд хүн амын өсөлтийн 65 хувийг хүүхэд багачууд, идэр насны залуучууд эзэлж байна. Нөгөөтэйгүүр эрдэнэт мал сүргийн дундаас адуу, үхэр, хонин сүргээрээ аймагтаа тэргүүлсэн амжилтын түүхийг хамтдаа бүтээлээ. Улсын тэргүүний ажилласаг хөдөлмөрч түмэн, алт эрдэнэсийн өлгий нутгийнхан бид алсын хараа, урт дунд хугацааны хөтөлбөр төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулан харилцан дэмжиж, хөгжил цэцэглэлтийн нэгэн үеийг түүчээлэх түүхэн үүрэг хариуцлага оногдож байна.
Хүний хөгжил хийгээд хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч мэргэжил, арга зүйн өндөр чадвартай боловсон хүчинтэй болохын зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллана. Нутгийн уугуул суугуул иргэд, эцэг өвгөдийнхөө ариун голомтоор гагнагдсан, алтан үеийн үргэлжлэл эрхэм та бүхнийг төрж өссөн газар, түмэн олныхоо ажиллаж амьдарч буй орон нутгийн хөгжил дэвшилд гар бие, сэтгэлээрээ оролцож сурч мэдсэн боловсрол, ажил мэргэжлийн дэмжлэгээ үзүүлэн бидэнтэй хамтран ажиллахад энэхүү цахим сайт хамгийн дотно харилцаа мэдээлэлийн гүүр байж нээлттэй ажиллах болно.
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэж, эрүүл энх, эрдэм боловсролтой, эд баялаг арвин, эв эеийг эрхэмлэн эзэн бие, эх нутаг, элгэн түмэндээ ээлтэй, аав, ээж ах, эгч энхрий бяцхан дүү нартаа дэмтэй тустай байхын дэлгэр сайхан ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья.
Эрхэм нутгийн зон олон болоод танай сайхан гэр бүлийг гүнээ хүндэтгэсэн Засаг дарга Хөх Монгол овогт ЛУВСАНПЭРЭНЛЭЙН БАТСАЙХАН

2025-02-20 17:54:22