МОНГОЛ УЛСЫН НАЧИН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЗУНДУЙН ДЭЛГЭРДАЛАЙ

Зундуйн Дэлгэрдалай

 Монгол Улсын начин гавьяат тамирчин Зундуйн Дэлгэрдалай 1956 оны 7 дугаар сарын 22-нд төржээ. Тэрбээр сумынхаа 8 жил, Аймгийн 10 жил УБДС-ийг тус тус дүүргэсэн байна. Бага наснаасаа бөхийн спортоор хичээллэж 1974 онд 8 дугаар анги төгссөн жилээ сумынхаа наадамд түрүүлж сумын заан, 1977 онд аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан, 1981 онд аймагтаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол 1985 оны улсын баяр наадамд улсын арслан П.Дагвасүрэнг орхин 5 давж, Монгол Улсын начин болсон билээ. З.Дэлгэрдалай самбо бөхийн дэлхийн дэвжээн дээр одоо болтол дахин давтагдаагүй гарамгай амжилт гаргасан хүн. Тэрбээр 1987 онд Италийн Милан хотноо болсон самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэж, дэлхийн аварга болсон бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн 1985, 1987, 1988, 1989 онуудад Дэлхийн цомын 4 удаагийн аварга болж, "Найрамдал-84" тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 11 жилийн турш дэлхийн дэвжээнээс медальгүй ирж нэг ч үзээгүй гайхамшигт бөх юм. Мөн жүдо бөхийн төрлөөр зургаа, самбо бөхөөр улсын 11 удаагийн аварга болжээ. Түүний их спортод үзүүлсэн энэхүү гарамгай амжилтыг өндрөөр үнэлж, 1985 онд Алтан гадас одон, 1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.

2025-03-13 16:14:15